С.Гомбобаатар: Бид шувуу судлалын чиглэлээр дэлхийн түвшинд хүрч байна

  С.Гомбобаатар: Бид шувуу судлалын чиглэлээр дэлхийн түвшинд хүрч байна

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн профессор багш, биологийн ухааны доктор Сүндэвийн Гомбобаатар “Монгол орны шувуу” хэмээх хоёр боть бүтээл хэвлүүлжээ. Номын нээлт саяхан МУИС-д болсон юм. “Шувуу судлалын шинжлэх ухаанд англи хэлээр хэвлэгдэж буй анхны төдийгүй сүүлийн нэгэн жарны хугацаанд гараагүй даацтай бүтээл болжээ” гэж мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ авсан уг номын зохиогчтой уулзаж ярилцлаа.

Би МУИС-д 26 жил багшилж байна. Оюутан байхаасаа өнөөг хүртэл 30 орчим жил Монгол орны шувуудыг судлах, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж явна. Энэ хугацаанд хийсэн ажлаа бусад судлаачдын бүтээлтэй харьцуулан нэгтгэж, бүтээлээ туурвилаа. Эхний ботид Монгол оронд албан ёсоор бүртгэгдсэн 519 зүйлийн тархалт, ангилал зүйн талаарх мэдээ, баримтууд, үржил хөгжил, тоо толгой, нөлөөлөх хүчин зүйл, хамгаалал, идэш тэжээл, нүүдэл шилжилт гэхчлэн биологи-экологийн ойлголтуудыг хүртээмжтэй тайлбарлахыг зорьсон л доо. Байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг судлаачид, эрдмийн зэрэг горилж байгаа хүмүүс, бодлого гаргагчдад нэн чухал хэрэгтэй, ширээний тань ном болно гэж найдаж байна. Түүнчлэн энгийн уншигч, сонирхогчид ч уншиж танилцах боломжтой бөгөөд 519 зүйл шувуудын талаарх бүх мэдээллийг нэг дороос авч болох давуу талтай.

Хоёрдугаар ботид Монгол орны шувуудын тархалтын газрын зураг, тухайн зүйлийн нас, хүйсийг тодорхойлох шинж бүхий мэдээллийн хамт нийтэлсэн. Ингэхдээ шувуу тус бүрийн гэрэл зургийг хээрийн тодорхойлох бичгийн формат, стандартын дагуу өнгөтөөр хэвлэсэн. Тайлбар мэдээлэл нь өмнө гарч байсан шувуу, хөхтөн амьтдын зураг дээрх шинж тэмдгийг тоочин буюу давтан бичдэг гарын авлага, бүтээлүүдээс ялгаатай. Хэвшмэл тэрхүү хэлбэрээс татгалзаж,  ижил төсөөтэй шувууд хоорондын үндсэн ялгах шинжийг харьцуулан тайлбарлаж бичив. Энгийн хүн хараад ялгах аргагүй адил хоёр зүйлийн гэрэл зургийг зэрэгцүүлж, зүйлийн бичвэр тус бүрт ялгарах гол шинж тэмдгийг тодорхойлсон гэсэн санаа юм. Олон улсын стандарт ч ийм болж байна. Үүгээрээ бусдаас ялгагдах онцлогтой бүтээл гэж болно. Энэ нь Монголын шувуу судлалд англи хэлээр гаргаж буй бүх зүйл шувуудын талаарх мэдээ, баримтыг багтаасан анхдагч бүтээлүүдийн нэг юм. Өмнө нь герман, орос хэлээр энэ чиглэлийн ном гарч байсан л даа. Гэвч дэлхийд өрсөлдье гэвэл англиар туурвих шаардлагатай байдаг тул хоёр бүтээлээ энэ хэл дээр бичсэн.

– Ийм бүтээл туурвих санаа хэдийнээс төрөв дөө?

Би өмнө нь Английн “Блүмсбери” компанитай хамтарч “Монгол орны шувууг хээр тодорхойлох бичиг” бүтээлийг дэлхийн зах зээлд 2018 онд гаргасан юм. Тэгэхдээ бодлоо л доо. “Мэдлэг, туршлага байхад бид яагаад олон улсад бие даан гарч болдоггүй юм” гэж. Ийм бодол надад урам зориг өгч, сэдэл төрүүлсэн юм. Эдгээр боть чухам энэ хүслийн минь биелэл юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл цаг хугацаа их шаардлаа. Би 2006 онд докторын зэрэг хамгаалахдаа “Дэлхийн эрдэмтэн болно доо” гэж өөртөө хэлж байсан юм. Судлаач хүний чухал үзүүлэлт бол докторын дараах судалгааны ажлаа хамгаалснаасаа өөр улсын эрдэм шинжилгээний байгууллагад дэлхийн эрдэмтэдтэй өрсөлдөн хийвэл сайн байдаг. Тиймээс ч би Израйлын Бин Гуреон Их сургуульд 2007-2008 онд докторын дараах судалгааны ажлаа гүйцэтгэсэн. Улмаар 2013-2014 онд Австрийн Венийн их сургууль, Венийн байгалийн түүхийн музейд докторын дараах судалгаагаа хийсэн. Энэ бүхэн бол Дамдингийн Сумъяа,  Осорын Шагдарсүрэн, Аюурзанын Болд зэрэг сайн багштай байсны минь ач гавъяа гэж бодож явдаг. Энэ үед л энэ бүтээлийн бичвэрийн ихэнхийг нугалсан юм.

Түүнээс гадна, хоёр боть номоос үндсэн агуулгыг товчлон авч “Монгол орны шувуу”-ны /БУБО-BUBO/ аплекейшн гаргасан. Гар утсандаа татаж аваад хээр хөдөө явахдаа ашиглах боломжтой.

-Нэгдүгээр ботийн агуулга мөн нүүрэнд буй сойрын зургийг тохиолдлоор сонгов уу, эсвэл…?

Аан, энэ сойрын зургийг авах гэж гурван өдөр, шөнө сахиж суусан юм /инээв/. Тиймээс ч энэ зүйлийн зургийг сонгосон. Нөгөө талаас шувуу ажиглах аялалд чухал зүйл тул оруулсан юм. Нэгдүгээр ботид нийт 519 зүйлийг хэзээ, хаана, хэн тэмдэглэсэн, дэлхийд болон Монголд тоо толгой нь хэд вэ, ямар орчинд амьдардаг, юу иддэг, хаашаа нүүдэг, аюул занал юу вэ, тоо толгойд нь нөлөөлж буй хүчин зүйл юу вэ, хамгаалал нь Монгол улсад болон олон улсад ямар түвшинд байгааг 1870-аад оноос хойш гарсан бүтээлүүдийг судалж, уншиж, ёстой л номон дотор хөвж байж, харьцуулсан дүгнэлт хийж энэ  хэмжээнд хүргэн гаргасан.

-“Монгол орны шувуу” хоёрдугаар ботид шувууны маш олон гэрэл зураг байна л даа?

Дахин давтагдахгүй 3000 орчим гэрэл зураг бий. Тэдний лавтай 2600 гаруйг нь би өөрөө авсан. Бусдыг нь найз нөхдөөсөө бүрдүүлсэн. Би олон жилийн турш бий болгосон гэрэл зургийн архиваа сургалт, судалгааны ажилд хэрэглэдэг. Харин одоо танин мэдэхүй, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж байна даа. Би уг нь яриад байдаг хүн биш. Бусад эрдэмтэдтэй хамтарч, эсвэл бие дааж нийтдээ тавь гаруй ном бичихдээ нэг хоёрхон удаа номын нээлтийг даруухан хийж байв. Хийсэн ажил бүхэн минь өмнөхөөсөө дэвшилттэй байх ёстой гэж боддог, тэгж ч хичээж ирсэн. “Монгол орны шувуу” хоёр боть анхны учир алдаа оноо байх л байх. Цаашид улам сайжруулаад явна аа.

-Хоёрдугаар ботийн хавтсанд хэвлэсэн шувуу ямар учиртай юм бэ?

Үнэндээ жиргэмэл гэж шувуу. Швейдийн “Уппсалагийн их сургуулийн эрдэмтэн профессор Пер Алструмтай хамтарч, энэ шувууг бие даасан зүйл гэдгийг 2020 онд эрдэм шинжилгээний өгүүллээрээ, 2021 онд “Дэлхийн шувууд” монографид энэ шувууны тухай нэг бүлгийг бичиж нотлов. Урьд нь бол энэ жиргэмлийг дэд зүйл гэж үзэж байв. Ингэснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм. Яагаад гэвэл, уг сэтгүүлд нийтлүүлэх материалыг маш өндөр шалгуураар шүүж авдаг.

-Та тэгвэл шинжлэх ухааны нээлт хийсэн гэсэн үг үү?

Айхтар нээлт юу байхав. Шувууд судлалын шинжлэх ухаанд шинэ зүйлийг бичих нь тийм хялбар биш. Учир нь энэ бүлэг амьтдын судалгаа дэлхийд маш сайн хийгдсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд дээр дурдсан жиргэмлээс гадна алтан хараацай, эргийн хараацайн ангилал зүйн морфологи, үржлийн биологи, зан төрхийн чиглэлийг генетикийн баримттай харьцуулан дэлхийн түвшний судалгааг АНУ-ын Колорада, Швейцарийн Байгалийн түүхийн музейн эрдэмтэдтэй хамтарч хийж байна.

-“Саваагүйтэж” асуумаар байна. Хараацай морьтой хүний урдуур хойгуур нисэх зуршилтай. Харамсалтай нь, автомашины урдуур гарч амжилгүй дайрагдаж үрэгдэх нь их байдаг уу?

Морь, машинаас үргэсэн шавьжийг түүж идэж байгаа юм. Хараацай бол хөдөлгөөнгүй шавьжийг болжмор шиг тоншдоггүй, заавал нисч, үсэрч байхад нь шүүрдэг. Далавч нь их хурц үзүүртэй учир хурдан, маневарлаг нисдэг. Ер нь шувууны далавч хэдий чинээ хурц өнцөг үүсгэсэн байна төдий чинээ хол нисдэг зүй тогтол бий. Машинд дайруулсан хараацай цөөн байхаа. Харин өндөр дэрс, бусад ургамалтай хэсгээр машины хурдаа сааруулж явбал таны шувуу хамгаалахад оруулж буй хувь нэмэр гэж ойлгоорой. Шөнө, үдшийн цагаар хурц гэрэлд гялбасан шувууд замын хажуугаас үргэн нисэхдээ машинд дайруулж олноор энддэг. Ялангуяа туршлага багатай залуу шувуу их эндэнэ.

-Монголд тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжих ирээдүй бий юу?

Хойт Америкийн шувуу ажиглах аялалд жилд 100 гаруй тэрбум ам. доллар эргэдэг. Туркын нэг жижигхээн нуурын захиргаа  шувуу харуулаад жилдээ 110 гаруй сая ам.долларын ашигтай ажиллаж байна. Шувуу ажиглах тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх ирээдүй, тийм нөөц боломж ч бий. Бид шонхор шувууг үндэсний бахархалт болгон зарласны зорилго чухамдаа үүний эхлэл юм. Монгол Улсын Засгийн Газар “Тусгай сонирхлын аялал жуулчлал” гэсэн дэд хөтөлбөр баталлаа. Эко-аялал бол дэлхийд маш их түгсэн, зөвхөн шувуу гэхгүй, хөхтөн амьтад, ургамал цэцэг, шавьж ажиглах зорилготой, танин мэдэхүй, эрүүл ахуйн ач холбогдолтой юм. Хустайн тусгай хамгаалалттай газар нутагт гадаадын жуулчдад тахь голлож, буга, тарвага, чоно харуулж энэ чиглэлийн жуулчлалыг хөгжүүлж байна. Бид 2012 оноос хойш ийнхүү бага багаар урагшилж л байна. Одоо ганцхан л зүйл дутагдаж байгаагийн нэг нь байгаа боломжоо дэлхийд танилцуулах, сурталчлах ажил юм. Миний хоёр боть ном шувуу ажиглах тусгай сонирхлын аяллын энэ хоосон орон зайг нөхөхөд хувь нэмрээ оруулна гэж найдна.

-Эрдэмтний хувьд ойрын ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа бол?

Монгол, Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол гэсэн зураглалаар ”Монголын тэгш өндөрлөгийн шувууд” бүтээлийг хамтарч гаргах сан гэж бодож байна. Мөн хойд Солонгосын эрдэмтэд өөрийн орны шувуудыг эл хоёр боть шиг судалж хэвлэе, хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Хариу өгч амжаагүй л байна. Миний нэг мөрөөдөл байдаг юм. Их, дээд сургуульд мэргэжлийн ангийн оюутнууд ашигладаг “Шувуу судлал” гэсэн маш сайн сурах бичиг зохиож, эх хэлээрээ хэвлүүлнэ гэж боддог. Арваад жилийн өмнө багштайгаа хамтран бичиж эхэлсэн. Ямар ч байсан дуусгана даа. Түүнээс гадна эрдэм шинжилгээний ажлуудыг хялбаршуулсан хэлбэрээр олон нийтэд хүргэх чиглэлээр өмнөх ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэг. Хүн мэдэхийнхээ хэрээр байгальд ээлтэй ээлтэй болох хандлага бий.

-Шувуу судлалаар монгол хэл дээр ямар ч сурах бичиг байхгүй гэж үү?

Тийм ээ, байхгүй. Дандаа л гадны орны сурах бичгийг багш, оюутангүй барьж авдаг. 25 жилийн өмнөхтэй харьцуулбал шувуу судлалыг арай цөөн оюутан сонирхож байна. Тэгэхэд нэг ангиас шувуу судлаач болно гэж таван хүүхэд гар өргөдөг байв. Тэгвэл одоо нэг ангид 1-2 байна уу, үгүй юу. Бид чинь байгалиасаа холдож байна. Судалгааны хүнд аппарат, хэрэгсэл үүрээд өдөр, шөнөгүй, шавар ус, намаг туучин явахаас төвөгшөөдөг байх. Ялаа шумуулд бариулахаас эхлээд бэрхшээл их бий л дээ. Үүр цүүрээр 4 цагт босч, шөнөөр отогтоо байнга ирнэ. Шинжлэх ухааны хээрийн ажил ингэж л явдаг шүү дээ.

-Таныг шувуу судлалын чиглэлээр олон шавьтай, тэдгээр шавь нартайгаа ихэд ойр ажилладаг багш гэж биологичид ярьдаг юм байна. Энэ талаар таны бодол?

Надаас олон шавьтай олон багш байгаа байхаа. Шувуу судлалын чиглэлээр бол тийм байх. Тоолж, бүртгэж  байсангүй. Номын нээлтийн үеэр надаар шувуу судлалын хичээл заалгаж, бакалавр, магистрын ажлаа удирдуулсан, урилга хүргүүлсэн хүний тоо 30 гаруй байна билээ. Зарим шавьтайгаа их ойр ажиллаж, ахуй амьдрал, ажил төрөлд нь тус дэм болоод л явж байна. Зарим нь ч манийгаа бараг л мартсан байх. Зарим нь “тэрний шувуу судлаач гэж юу байдаг юм бэ” гээд яриад явж байна билээ. Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороо байх албагүй. Багшаа “хүндэтгэсэн” хүн дэвжиж, багшийг хүндэтгэсэн улс хөгждаг байх. Өөрөөсөө илүү шавь төрүүлэхгүй бол багш байхын ч учир бага. Энэ зарчмыг хүн бүхэн ойлгох хэрэгтэй байх. Ер нь бол хуучны багш, шавийн тухай ч ойлголт бүдгэрч байна. Гэхдээ багшгүй эрдэм гэж хаана ч байдаггүй байх. Миний хувьд мэргэжлийн чиглэлээрээ энэ зэрэгтэй яваа минь миний багш Дамдингийн Сумъяа, Осорын Шагдарсүрэн, Аюурзанын Болд нарын минь заасан эрдэм, надад өгсөн итгэл юм шүү дээ.

-Монголд устаж үгүй болсон шувуу байна уу?

Манай орны хувьд байгальд устсан шувуу байхгүй. Монгол Улсад борцгор хотон, цагаан тогоруу хоёр зүйл Устаж байгаа зэрэглэлд оржээ. Бор бүргэд, реликт цахлай, ямаан сүүлт нугас, хурагч бор, усны нөмрөг бүргэд, могойт загалай зэрэг зургаан зүйл шувуу Устаж болзошгүй зэрэглэлтэй. Шар элэгт хөмрөг гэж ховор шувуу бий. Энэ хөмрөг бол Хятадад өвөлждөг. Тэнд тороор их хэмжээгээр барьж агнадгаас тоо толгой нь эрс цөөрсөн. Түүний махаар хийсэн хоол тэндээ тансаг зэрэглэлийн, үнэтэйд тооцогддог учир ингэж их агнадаг. Манайд ирж үржээд, өвөлжих гээд очиход нь хядаад байхаар яаж болох вэ. Тиймээс шувуу хамгаалал гэдэг зөвхөн нэг улсын асуудал биш юм. Үрждэг, өвөлждөг нутгийнхан хамтарч хамгаалах олон улсын хамтын ажиллагаа байдаг.

-Сар, шонхор шувууд автозамд их тааралдах юм. Машины дугуйн дор орсон үлийн оготно идэх гээд хүлээж суудаг гэх. Нийгмээ дагаад шувуу нь хүртэл “залхуу” болж гэлцэх юм?

Тэр нь ч юу юм бэ. Замын ойролцоо ургамал сийрэг, тиймээс идэш элбэг байгаа л хэрэг. Суурин амьдралтай, хүнд ойр хар хэрээ, турлиах, алагтуу, хөх бух, тагтаа, бор шувуу таны хэлдгээр хооллох хэвшлээ өөрчилж байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа, хар хэрээг онцолмоор байна. Зэрлэг байгальд бол ойт хээрт, нуга талаар ангуучилдаг. Гэтэл суурин газрын хог дээрээс идэш олох нь хялбар байгаа учир тэнд л сүрэглэж байна. Тоо толгой нь ч нэмэгдсэн. Тэр хэрээр сөрөг хандлага ажиглагдаж байна.

-Юу тэр билээ?

Хот суурингийн цэцэрлэгт хүрээлэнгийн модод хэрээний баасаар их бохирджээ. Ямар халдварт өвчин тараахыг хэлж мэдэхгүй. Хүүхдийн тоглоомын талбай, автомашины дээр ч ялгаагүй. Бодох л ёстой асуудал. Цаашид хотын гэрэлтүүлгийг цэцэрлэгийн моддоос зайтай хийх талаар ярилцаж шийдэх хэрэгтэй. Гэрэл дулаан ялгаруулах туул өвлийн хүйтэнд шонгийн гэрэл бараадаж, ойр хавийн орчныг бохирдуулна. Байгалийн жам ёсоороо явж байгаа үзэгдэлд хөндлөнгөөс хүмүүс оролцохоор хэвийн явцыг эвддэг. Наад зах нь шувуудыг хооллох ямар шалтгаан байна вэ? Үүр барьж өгнө л гэдэг. Энд бодолцох зүйл их бий. Таны хэлдгээр “залхуу” гэх нь хаашаа юм. Гэвч амьдрах чадвар нь суларч байх талтай. Дахин хэлэхэд, зэрлэг ан амьтан, шувуудын амьдралд хүн хөндлөнгөөс оролцох нь төдийлөн сайн биш. Харин түүний оронд тэдэнд халтай үйлдлээ л зогсоох хэрэгтэй.

-Шувуудад халтай үйлдэл гэнэ ээ?

Их энгийн юм л даа. Жишээ нь, өмссөн хувцаснаас урт, богино хэмжээгээр утас хөвөрч, бид юу ч бодолгүйгээр тасалж аваад хаячихдаг. Гэтэл хүний нүдэнд өртөмгүй тэр утас шувууны аранга байхгүй юу. Хөлд нь орооцолдсоор хурууг нь тасална. Улаанбаатарын тагтааг нэг сайн анзаарч хараарай. Олонх нь мухар хөлтэй л байгаа. Өөр нэг юм байна. Манайхан зажилсан бохио гудамжинд хаячихдаг. Шувуу шавьж гэж андуураад идчихнэ. Шувуу үнэрлэдэггүй амьтан. Шувууны ходоод маш хүчиллэг хэдий ч бохь боловсордоггүй, ходоодны хананд наалдаад олноор идсэн тохиолдолд үхэощлд хүргэнэ. Үржлийн үедээ ангайхай, дэгдээхэйгээ хооллох нь түгээмэл. Ямар ч эргэлзээгүй үхнэ. Харин бид бохио хогийн саванд хаяхад тийм их төвөгтэй биш шүү дээ. Хашааны төмөр шонгуудын дотор руу гэрэл тусгаад хараарай. Маш олон шувуу үхсэн байх вий. Яагаад вэ гэхээр, гэнэт хүчтэй салхилахад шонгийн оройд сууж байсан шувуу барих, базах юмгүй учир уначихдаг. Гэтэл бид тэдгээр шонгийн оройд чулуу тавьчихад л олон амь аварна. Шувуудыг хамгаалах тийм хэцүү биш байгаа биз дээ. Энэ өндөр шилэн барилгуудыг маш олон шувуу мөргөж үхдэг. Тэгвэл махчин шувууны дүрс бүхий алгын чинээ хуудас цаас цонхныхоо нэг буланд наачих л даа. Шувуу өстнөө олж харангуут дайжаад нисчихнэ.

-Хар галууг их муулдаг. Загасыг үй түмээр нь устгадаг. Цадаж ханахыг мэддэггүй, зүдэг шувуу гэх юм?

Тураг гогой л доо. Шуудхан хэлэхэд, иймэрхүү яриа ямар ч утгагүй. Тураг гогой бусад шувуудын л адил байгалийн амьтан. Амьдрах, үржих зохилдлоготой. Харин хүн л бурууг өөрөөсөө хайх хэрэгтэй. Хамаг л том хэмжээтэй загасыг түүгээд дуусгачихаар яах юм бэ. Жараахай болон жижиг загас элбэг байхад гогой сүрэглэхгүй хаачихав. Үлийн цагаан оготнотой адил юм. Үлийн цагааны тоо толгой байгалийн жамаар жил жил өсч, эргээд буураад явдаг. Гэтэл талхлагдсан бэлчээрт амьдрах дуртай оготно бэлчээр нутгаа талхалчихаар хэвийн хэмжээнээсээ тэгж их үржиж олшрохгүй яах юм. Тураг гогой хэт олшрох нь сөрөг талтай юу, тийм ээ. Гэхдээ эхлээд судлах л хэрэгтэй. Нэг гогой хэдэн кг загас идээд байгаа юм, тоо толгой нь хэвийн хэмжээнд байна уу, үгүй юу. Үүний дараа ямар арга хэмжээ авахаа шийдэж болно. Өндгийг нь түүж өөрсдөө иддэггүй юм гэхэд малын тэжээлд ашиглаж яагаад болохгүй байх вэ. Харин байнгын мониторинг, судалгаатай байхгүй бол нэг мэдсэн гогойгүй болсон байх вий.

-Төрөөс шувуу судлаачдыг санхүүгийн хувьд хэр дэмждэг юм бэ?

Үгүйтэй адил даа. Би гэхэд нэлээд дээхнэ салбарын яамны захиалгаар идлэг шонхор, цахилгаанд цохиулах махчин шувуудын судалгааг хийх санхүүжилт авсныг эс тооцвол шувуу судлал, хамгааллын чиглэлээр сүүлийн 30 жилд санхүүжилт аваагүй. Ёстой л бор зүрхээрээ явж дэлхийд өрсөлдөх судалгаа хийхээр ажиллаж байна. Бусад судлаачдын хувьд авдаг байлгүй дээ.

 

Холбоотой мэдээ