В.Буянтогтох: Тужийн нарсанд одоо очиход бид үнэхээр хийж чадсан юм шүү гэсэн бахархал төрдөг

 В.Буянтогтох: Тужийн нарсанд одоо очиход бид үнэхээр хийж чадсан юм шүү гэсэн бахархал төрдөг

“Буян од” компанийн захирал, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан Ванганжилийн Буянтогтохтой ярилцлаа.

-Монгол Улсад Ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Танд энэхүү ойн баярын мэнд хүргэе. Ойн салбартай ажил амьдралын гараагаа хэрхэн холбосноо ярихгүй юу?
-Би 1978 онд аравдугаар ангиа төгсөөд, Хялганатын Ойн техникумыг төгсөөд, Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд хуваарилагдаж 15 залуу очиж байлаа. Тэнд нэг жил ажиллаад ХААДС-д ирж суралцсан. Би Хялганатын техникум, ХААДС хоёрыг хоёуланг нь онц төгсөж байлаа. Буурал Цогтоо, Лочин гээд тухайн үеийн нэртэй сайхан багш нар байлаа. Мөн орос мэргэжилтэн багш нарын хүчинд техникийн дөр сууж, мэргэжилдээ улам дурласан. Энэ салбар руу ороход орос мэргэжилтнүүдийн нөлөө байсан. 1987 онд ХААДСийг төгсөхөд Ойн модны аж үйлдвэрийн яамны томилолтоор Ерөөд дахин хуваарилсан. Яамны сайд Болд, боловсон хүчний газрын дарга Дэмбэрэл гуай байлаа. “Чи мэргэжлийн сургуулийг маш сайн дүнтэй төгссөн байна. Хөдөө очоод их хурдан дэвшээд явчихна. Сайн ажиллах хэрэгтэй” гэж Болд гуай хэлээд Ерөө рүү явуулж байлаа. Ингээд Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн авто баазад, ерөнхий инженерээр ажилласан. Нэг жил ажиллаад үйлдвэрийн ерөнхий механик болсон. Ерөөгийн үйлдвэр бол 600 гаруй ажилчидтай, тухайн үед улсын том үйлдвэрийн нэг байлаа. Дарга нь Ишийн Бадарч гуай. Энэ хүний гавьяаг ярих учиртай. 1980-1992 он хүртэл Бугантын модны үйлдвэрийг төр засгийн байгууллагатай нь хамт удирдаж авч явсан хүн юм. Үндсэндээ Ерөө хорооны Ардын депутатуудын хурлын
гүйцэтгэх захиргааны дарга бөгөөд Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн дарга гэсэн статустай байсан ийм хүн. Улсын төлөвлөгөөт даалгаврыг ёстой нэр төртэй авч гарсан хүн дээ. 1992 онд Шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан АИХ-ын депутат байсан ийм л гавьяатай хүн. Сэлэнгийн Шар Бадарч гэхэд танихгүй мэдэхгүй хүнгүй шударга, зарчимтай, залуучуудыг их дэмждэг сайхан хүн байлаа. Бид чинь Бугантад “Бадарчийн хүүхдүүд” нэртэй явлаа. Боловсон хүчнээ тогтоох гээд биднийг үнэндээ эрхлүүлж байсан. Хүнд юм их сургана. Бугантын модны үйлдвэрийг тэр хүн өөд нь татсан гэж яригддаг. Хүнийг загнахдаа загнана, хайрлахдаа хайрлана, дэмжихдээ дэмжинэ.

-Бадарч дарга гэж аргагүй сайхан хүн байжээ. Өөр ямар сайхан хүмүүс байв, хамт олноо дурсвал?

-Толгойтын алтны үйлдвэр, Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуй гэж улсын төлөвлөгөөт хоёр том үйлдвэр байсан. Намайг очдог жил манай төгсөлтөөс 22 инженер очиж байсан. Тэр жил ханьтайгаа учирсан. Миний ханийг Нямаагийн Бадамханд гэдэг. Санхүүгийн техникум төгсөөд, Ерөө хорооны санхүүгийн даргаар ажиллаж байсан, би үйлдвэртээ ерөнхий инженер, ерөнхий механикч байсан. Бид танилцаад улмаар гэр болж таван хүүхэдтэй өнөр өтгөн сайхан айл болсон. 1992 он хүртэл би үйлдвэртээ ажилласан. Үйлдвэр техникийн хэлтсийн дарга буюу Зүсмэлийн үйлдвэрийн дарга, компанийн орлогч захирал болсон. 1992-1997 он хүртэл хувийн бизнес эрхэлсэн. Бугант тосгонд дэлгүүр хоршооноос аваад үйлчилгээний олон газар нээсэн. Бугантынхан маань бүгд мэднэ. 1998 онд Лодойн Гандөш даргын үед орлогч захирлаар эргээд ажилласан. 2000 онд компани задраад “Сэлэнгэ Бугант”, “Бугант гол”, “Буян од” гэж гурван компани байгуулагдсан түүхтэй. “Буян од” компанийн маань үйл ажиллагаа ингэж эхэлсэн. Үндсэндээ манай компани Ой модны ууган үйлдвэрээс өрх тусгаарлаж, айлаар яривал гал голомтоо бадраасан ийм хамт олон. Манай салбарын хувьд мод ашиглах, мод тарьж ургуулах гэх зэрэг дөрвөн тусгай зөвшөөрөл байдаг. Энэ дөрвөн тусгай зөвшөөрлийн эрхтэйгээр 2000 оноос хойш бид тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Анх 50 ажилчинтай гараагаа эхэлж байсан, одоо мөн ялгаагүй 40-50 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Менежментийн төлөвлөгөөний дагуу мод ашиглах, мод үржүүлгийн ажлаа хийж байна. Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуй гэж байхад 1973 оноос мод  үржүүлгийн газрыг байгуулсан байдаг. Германы мэргэжилтнүүдтэй хамтраад Европын мод үржүүлгийн газрын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон. Жилд нэг сая ширхгээс дээш тарьц суулгац гаргадаг. Үүнд голлож ажилласан инженер маань Байгаль орчны гавьяат ажилтан О.Алтанцэцэг юм. Ерээд оны нийгмийн ороо бусгаа үед Л.Гандөш дарга маань “За Буянтогтох оо, хоёулаа мод үржүүлгээ л авч үлдэнэ шүү” гэж хэлээд авч үлдсэн.

“Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” гэж “Зууны мэдээ” сонины нийтлэл гараад нийгэм даяар шуугиан болсон. Тэр үед Тужийн нарс шатах нь шатаад, хууль бус үйл ажиллагаанд өртөөд бараг дууссан байсан. Үүнийг тарих, ойжуулах ажилтай холбогдуулан аймгийн даргын захирамж гарч манай “Бугант групп” буюу дөрвөн компани нийлээд Тужийн нарсны тал хувийг тарьж ойжуулсан. Гол хүч нь Сэлэнгийн Ой ан төв, Бугант групп буюу манай дөрвөн компани байлаа.

-Танай дөрвөн компанийн нэр зүй ёсоор яригддаг. Тужийн нарсны гавьяа та бүхэнтэй салшгүй холбоотой. Тэр ч үүднээс Та Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртлээ?

-Бид Тужийн нарсанд 13 жил зүтгэсэн. Тужийн нарсыг ийм сайхан болно гэж эхэн үедээ бодоогүй, энэ мундаг бүтээн байгуулалтын түүхэн ажилд оролцож зүтгэж байна гэдгээ ч сайн мэдээгүй. Модоо тариад л, үүрэгт ажлаа хийж байна л гэж боддог байсан. Тужийн нарсанд одоо очиход бид үнэхээр хийж чадсан юм шүү гэсэн бахархал төрдөг. Үнсэн нурам болсон газар дээр анх ирж байснаа боддог. Сэрийсэн ганц нэгхэн мод л байлаа шүү дээ. Энэ ажлыг нугалж гарсан хамт олноороо инженерүүд, ойжуулагч, техникчид
бүх хүмүүсээрээ бахархдаг. Ер нь мод тарина гэдэг тийм ч амар ажил биш. Үрийг нь түүнэ, мод үржүүлгийн газар хоёр жил бойжуулна. Нялх хүүхэд асарч байгаа юм шиг бойжуулна. Тэгж байж ууланд аваачиж шилжүүлж тарина.  Тарихдаа бас учиртай, шинжлэх ухааны үндэслэлийн дагуу явдаг. Технологийн нэг процесс алдахад мод ургадаггүй.

Бидний тарьж урвуулсан Тужийн нарсыг хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө ирж газар дээр нь үзээд үнэхээр онцгой гавьяа байгуулжээ гэж хэлсэн. Тэгээд ийм гавьяа байгуулчихаад шагналгүй хоцорсон хүн байна уу гэж асуухад хүмүүс намайг хэлсэн юм билээ. Гандөш дарга маань байсан бол миний өмнө энэ сайхан алдрыг авах байлаа. Юм эрэмбээрээ явж байна. Бусад маань залгуулаад гавьяагаа үнэлүүлэх нь мэдээж. Ойн 100 жилийн түүхэн ойгоор Гандөш даргыгаа үнэхээр дурсахгүй байхын аргагүй. Яаманд гурван удаа, Бугантад гурван удаа томилолтоор ирж ажилласан гэж яригддаг. Хүнийхээ хувьд сайхан хүн байлаа. Мөн ч уужуу, тайван хүн. Түшээд ажиллахад тулхтай, нуруутай гэж жигтэйхэн. Одоо хүүхдүүд нь ажлыг нь сайхан үргэлжлүүлж байгаад баярладаг. Ийм
л хүмүүстэй ажиллаж, бүтээж ирсэн байна. Манай групп 40 гаруй сая тарьц суулгац ургуулсан байдаг. Үүнээс Тужийн нарсанд 20 орчим сая мод тарьж ургуулсан. Тухайн үедээ түүхэн амжилт гэж яригддаг байлаа. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд шилмүүст, навчит мод нийлээд жилдээ 1 сая гаруй ширхэг тарьц суулгац ургуулж байна. Мод ашиглалтын чиглэлээр зүймэл модон хавтан, барилгын шулуун эдлэл шалны банз, доторлогооны рейк, гэрийн мод зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-“Бугант групп” болон “Буян од” компанид О.Алтанцэцэг гавьяатаас гадна өөр инженерүүд ажиллаж байсан байх. Тэр хүмүүсийн гавьяа зүтгэлээс хэлэхгүй юу?

-Манай мод үржүүлгийн газарт ХААИС-ийн багш доктор Ж.БатЭрдэнэ инженер. Байгаль орчны гавьяат ажилтан А Энхбат дарга гээд бид чинь нэг жил төгсөж очоод хамт ажиллаж байлаа. Манай инженерүүдийн үе үеийн шавь нар мод үржүүлгийн газарт дадлага хийж тэднээс олон инженер төрсөн байдаг. Үндсэндээ манай үйлдвэрт ирээд О.Алтанцэцэг гавьяатын шавийн шавь нар Сувд-эрдэнэ, Байгаль, Буяндэлгэр, Батсуурь, Номиндалай гээд олон инженерүүд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна. Ингээд Ойн салбарын түүхт 100 жилийн ойн баярын сэтгүүлд урьж оролцуулсан Та бүхэнд баярлалаа. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд монгол орныхоо ногоон ойг өргөтгөх зорилгоор “9+” гэдэг чуулган хийсэн. Монгол орны ойгоор бүрхсэн талбайг 9 хувьд хүргэх зорилт тавьж байгаа минь энэ. Ингэж ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдөдөө 100 жилийн баярын мэнд хүргэе. Эх орны ногоон ойг ургуулах ариун үйлдсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ