“Намрын ногоон өдрүүд” -2023
Түүхэнд анх удаа 165.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч 81.3 хувийг дотооддоо хангах боломж бүрдэв.
-Улаанбуудайн нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3,9 цн га-гаар буюу 30 гаруй хувиар нэмэгдсэн нь сүүлийн есөн жилд хамгийн өндөр үзүүлэлт болсон.
-Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөлмөрлөж, ДНБ-ий 32,3 хувийг үйлдвэрлэж байна.
-“Намрын ногоон өдрүүд”-д 500 гаруй үйлдвэрлэгч 3000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэв.
– Өнгөрсөн жилийнхээс үр тариа, төмс, хүнсний ногооны ургац 20 хувиар, тосны ургамал 30, малын тэжээл 40, жимс, жимсгэний ургац 25 хувь тус тус өсчээ.
-Өнгөрсөн жил 1600 тонн мах экспортолсон бол энэ онд, өнөөдрийн байдлаар 46.000 тонныг экспортлоод байна.
-ХАА-н түүхий эд боловсруулах зориулалтаар оруулж ирэх 430 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын болон гаалийн албан татвараас чөлөөлөв.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2023” арга хэмжээ энэ оны есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд боллоо.
ХХААХҮЯ, Нийслэлийн Захирагчийн алба, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын ХХАА-н байгууллагын суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан уг үзэсгэлэн худалдаанд нийслэл болон хөдөө орон нутгаас 500 гаруй үйлдвэрлэгч оролцож, 3000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсэн юм. Энэ удаа 18 дахь жилдээ болж буй “Намрын ногоон өдрүүд”-ээр нийслэлчүүд маань монгол орныхоо эрүүл, цэвэр хөрсөнд ургуулсан шимт хүнсний ногоо, жижиг дунд үйлдвэрийн чанартай бараа бүтээгдэхүүнээр хангагдаж, өвлийн “үүцээ” бэлтгэж авсан нь дамжиггүй.
Нээлтийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад улсаас манай улсад суугаа Элчин сайд нар, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар, олон улсын байгууллагууд, гадаадын төсөл, хөтөлбөрийн хамт олны төлөөлөл хүрэлцэн иржээ. Тухайлбал, Франц, Турк, Беларусь, Унгар, Вьетнам улсын Элчин сайд нар, ОХУ, Киргиз, БНХАУ-ын ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга нар хүндэт зочноор оролцов.
Мөн хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын алдартан гавьяатууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун салбарын хамт олон, тариаланч, үйлдвэрлэгчид маань хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурдаад, тэдний хичээл зүтгэлийн үр дүнд Монгол Улс түүхэндээ анх удаа 165,8 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хэрэглээнийхээ 81,3 хувийг дотоодоосоо хангах боломж бүрдсэнийг онцлон тэмдэглэсэн. Үнэхээр ч энэ бол том амжилт мөн. Түүнээс гадна улаанбуудайн үйлдвэрлэлд үр, техникийн шинэчлэлт хийснээр нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3,9 цн га-гаар буюу 30 гаруй хувиар нэмэгдсэн нь сүүлийн есөн жилд хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Төрөөс ногоочдод үрийн дэмжлэг үзүүлэх, хүнсний ногооны борлуулалтад мөнгөн урамшуулал олгох, техник худалдан авахад үнийг хөнгөлөх, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь ч ийм амжилтад эерэг нөлөөлсөн. Өнөөдөр хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөлмөрлөж, ДНБ-ий 32,3 хувийг үйлдвэрлэж байна.
МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн 2 жилд дунджаар 19 хувиар өссөн. Дотоодын хэрэгцээнээс гадна энэ онд 5,7 сая малын мах экспортлох зорилттой байна. ХАА-н бүхий л бүтээгдэхүүний экспортод нэг цонхны цахим систем нэвтрүүлсэн. Өнгөрсөн жил 1600 тонн мах экспортолсон бол энэ онд, өнөөдрийн байдлаар 46.000 тонныг хэдийн гаргаад байна. Өнгөрсөн жилийнхээс үр тариа, төмс, хүнсний ногооны ургац 20 хувиар, тосны ургамал 30, малын тэжээл 40, жимс, жимсгэний ургац 25 хувь тус тус өсчээ. Боловсруулах үйлдвэрлэл оны эхний 7 сард 1,3 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 40,9 хувиар өсөв. Засгийн газрын энэ оны 170-р тогтоолоор хүнс, ХАА-н түүхий эд боловсруулах зориулалтаар оруулж ирэх 430 орчим нэр төрлийн тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын болон гаалийн албан татвараас чөлөөлсөн. Олон улсын түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй 30 орчим төсөл хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, малын эрүүл мэнд, мал амьтны генефондыг хамгаалах чиглэлээр амжилттай хэрэгжиж байна.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2023” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө. Наад зах нь автомашины зогсоол хангалттай, зогсоолын төлбөргүй байсан нь сайшаалттай. Дуу хуур болж, хүмүүс амарч тухлан, төрөл бүрийн хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүнийг тааваараа үзэж сонирхон, худалдан авч байлаа. Энэ бол тариаланч, үйлдвэрлэгчдийг дэмжих, нөгөөтэйгүүр намрын шинэ ургац, орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрлэлийн шинэ, шилдэг бүтээгдэхүүнийг нэг цэгээс хямд үнээр худалдан авах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа арга хэмжээ юм. Бизнес эрхлэгчид, тариаланчид маань хамтран ажиллах, туршлага солилцох өргөн боломжтой гэдгээрээ давуу талтай.