Хоньчин Р.Ариунболд: Мах, ноосны гарц сайн, үнэтэй, ер нь ашиг шим өндөртэй мал шүү

 Хоньчин Р.Ариунболд:  Мах, ноосны гарц сайн, үнэтэй, ер нь ашиг шим өндөртэй мал шүү

Орхон үүлдрийн хонины аж ахуйтан, Орхон сумын Бэлэн далай багийн хоньчин Рэнцэндоржийн Ариунболд “Би 1983 онд төрсөн. Уул ажлаараа малаа маллаж…” гэж яриагаа эхлэв. Тэрээр, 2004 онд айл гэр болжээ. Түүнээс хойш орхон хонио дагнан маллаж байна. Р.Ариунболд удам дамжсан малчин бөгөөд эцэг нь ч бас нутгийн брэнд хонио маллаж байсан юм.
-Төллөх үед жаахан ажиллагаатай. Төлийг дулаан байранд хэдэн сар тэжээж, малладаг. Эр хургаа өсвөр насанд нь борлуулчихдаг. Зун монгол хоньтой адил бэлчээр ашигладаг. Мах, ноосны гарц сайн, үнэтэй, ер нь ашиг шим өндөртэй мал шүү гэж Р.Ариунболд хэлэв. Тэрээр, энэ зун 800 кг ноос самнаж, Дарханд аваачиж тушаасан байна. Ноосны урамшуулал кг-д нь 2000 төгрөг тооцож оны дараа авах гэнэ. Сумын цөм сүргийн үржлийн нэгждээ хандаж жилд 200 орчим хонинд зохиомол хээлтүүлэг үнэ төлбөргүй хийлгэдэг гэсэн.
-Орхон хонь ид үедээ 30-аад мянган толгойд хүрч өссөн, Төв, Булган аймаг руу үржлийн зорилгоор нийлүүлдэг байсан гэсэн. Харин зах зээлийн шилжилтийн жилүүдэд хэвшлийн хэв шинжээ алдаж, тоо толгой нь цөөрсөн. Норвегийн МАА-н хөгжлийн төсөл 2005 оноос хэрэгжиж, түүнээс хойш гадна, дотноос тасралтгүй дэмжин тусалсны үрээр өнөөдөр тоо толгой нь өсч, хэвшил нь ч эргэн сэргэсэн юм гэж хоньчин маань сонирхуулав.
Р.Ариунболд мал маллахын зэрэгцээ багахан талбайд төмс тариалж, энэ жил 2 тонныг хураан авч зах зээлд боруулсан гэнэ билээ.

Холбоотой мэдээ