Хөв цөөрөм байгуулах нь өртөг зардал бага ч дараа нь байгальдаа үлдэх ач холбогдол маш их

 Хөв цөөрөм байгуулах нь өртөг зардал бага ч дараа нь байгальдаа үлдэх ач холбогдол маш их

Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил 16 газарт хөв цөөрөм байгуулах болжээ. Хэнтий, Төв, Баянхонгор, Өвөрхангай, Завхан аймгийн нэр бүхий суманд хөв байгуулах ажил эхэлсэн албан мэдээ байна. Товчхондоо, энэ жилээс л “Хөв…” гэж дуугарч байгаа нь энэ. Салбарын яамнаас тендер зарлаж, боломжийн хэдэн газар товложээ. Тэгээд ч зогсохгүй цаашид хаана хөв байгуулбал зүгээр юм бэ гэдгийг судалж ч байгаа ажээ.

Хөв нь амьдрал тэтгэх рашаан юм. Амьтнаар бол “судасны цохилт”. Нэн тэргүүнд байгаль орчны доройтлыг нөхөн сэргээнэ. Ус дагаж ургамал ургах нь мэдээж. Хүн, мал, зэрлэг амьтны ундаа болно. Яаж ч бодсон хөв байгуулах нь өнөөдөр нэн тэргүүний чухал ач холбогдолтой ажил болжээ.

Хөрөнгө мөнгө нь болох л байлгүй, үлдэх ач холбогдлыг бодохоор хэд ч байсан харамлах хэрэггүй санагдана. Цавчиж, хэлтлээд ч болов чанартай л барьж байвал болох нь тэр. Өнөөдрийн байдлаар төсвөөс 2,5 тэрбумыг хөв барихад зориулан зарцуулаад байна. Цаашид ч энэ зорилгоор зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ нэмэгдэх болов уу.

Хувийн хэвшлийнхэн хөв байгуулах нь ашигтай гэдгийг анзаарч, эхнээсээ хөрөнгө оруулах болов.  Тухайлбал, “Юнител” групп өнгөрсөн жил Өмнөговь, Говь-Алтай, Дундговь аймгийн нутагт дөрвөн ч хөв байгуулжээ. Зэрлэг амьтад ундаалж буйг баримтжуулан зурагласан байна. Тэдний байгуулсан хөв цөөрөм хэдий жижиг ч бусдыг уриалан дуудаж байгаа нь том ажил юм. Энэ компани нийгмийн хариуцлагаа боломжийн хэмжээнд хэрэгжүүлж, аятайхан ажил хийж байгаад талархууштай.

Одоо малчин, тариаланч Таны ээлж. Хөв цөөрмөөс тариан талбайгаа усалж, арвин сайхан ургац авна. Малаа усалж, тарга тэвээрэгтэй онд оруулна. Усгүйгээс эзэнгүйдэж орхигдсон алсын нутаг бэлчээрийг ашиглах боломж нээгдэнэ. Энэ их чухал юм. Хэрэв Та алс нутагт хөв байгуулчихвал бэлчээр хүрэлцэхгүйн зовлонгүй болох юм. Тэгэхээр, хөв байгуулах нь бэлчээрийн талхлагдлаас зайлсхийж, улмаар цөлжилтийг бууруулахад Таны оруулж буй томоохон хувь нэмэр байх болно. Уулын ам, жалга судаг даган, болж өгвөл байгалийнх нь зохилдлогоор хонхор хотгорын сонгож, ухаж томруулан, далан байгуулж хашин, ул хөрсийг дагтаршуулж ус үл нэвтрэх плёнк дэвсээд л хөв болчих нь тэр. Хэн ч байсан сэтгэл л байвал том, жижиг хөв байгуулах нь тун ч хялбархан санагдаад байгаа юм даа. Хавар цасны ус, шар усны үер, голын үерлэж хальсан илүүдлийг цуглуулна. Зун, намар нь аадар борооны усыг хуримтлуулна. Хөв барьснаар далангийн доод талд сайраас булаг ундран гардаг тул амны усанд хэрэглэж болно. Та тун бага зардлаар өөртөө ч, өрөөлд ч, байгальдаа ч тустай ачтай ийм ажил санаачлан хэрэгжүүлээрэй. Нөгөөтэйгүүр, төрөөс иргэн хүний хөв байгуулах ажлыг бүрэн дүүрэн дэмжиж, тодорхой урамшуулал, хөнгөлөлттэй зээл, өөр ямар хэлбэрээр хөхиүлэх боломж байна, тэр бүх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлээсэй билээ.

Усны нөөц арвин газар бол хиймэл нуур хийж болно. Загас жараахай үржүүлж, усалгаатай тариалан эрхэлж, ойжуулж, ус байхад ер юу эсийг хийх билээ. Энэ бүхний эцэст ёстой л үлгэрт гардаг шиг жаран жилийн жаргал болохгүй юу…

Холбоотой мэдээ