Цэдэвсүрэнгийн АЛТАНЦЭЦЭГ: ОРХОН, ХАНГАЙ, ЕРӨӨ ҮҮЛДЭР НЬ НООС ТӨДИЙГҮЙ МАХНЫ ГАРЦ, ЧАНАРААР МОНГОЛ ХОНИНООС ИЛҮҮ

 Цэдэвсүрэнгийн АЛТАНЦЭЦЭГ: ОРХОН, ХАНГАЙ, ЕРӨӨ ҮҮЛДЭР НЬ НООС ТӨДИЙГҮЙ МАХНЫ ГАРЦ, ЧАНАРААР МОНГОЛ ХОНИНООС ИЛҮҮ

-“Орхон”, “Ерөө” үүлдрийн хонь зөвхөн Сэлэнгэд л байгаа юм. Авторууд нь миний багш нар. Амьд ахуй цагтаа хониныхоо хувь заяаг надад даатгаж үлдээсэн юм. Тийм учир генетик нөөцийг нь алдагдуулахгүй, биологийн ашигт шинжийг нь бууруулахгүй гэж л зүтгэж явна-

Монгол Улсад нарийн, нарийвтар ноост хонины дөрвөн үүлдэр байдгаас хангай /нарийн ноост/, ерөө, орхон /нарийвтар ноост/ гэсэн гурван үүлдэр нь Сэлэнгэ аймагт бий. 1990-ээд оноос хойш тоо толгой нь эрс цөөрч, хэвшил нь алдагдахдаа тулаад байсан нутгийн шилмэл эдгээр үүлдрийг орон нутгаас онцгойлон анхаарч, цэврээр нь өсгөх бодлого барьж, үржлийн цөм сүргийн аж ахуй байгуулжээ. Бид “Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуй”-н захирал Цэдэвсүрэнгийн Алтанцэцэгтэй
ярилцлаа.

-Цөм сүргийн аж ахуй хэзээ байгуулагдсан бэ?
-Цөм сүргийн аж ахуй 2001 онд байгуулагдсан юм. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Р.Нямсүрэн, ХАА-н газрын даргаар Д.Бадарч нар ажиллаж байлаа. Би орхон, ерөө, хангай хонио өсгөхийн тулд аймгийн ЗДТГ-ын бүтцэд тусгай нэгж байх шаардлагатай гэсэн санал хэлж, дарга нар дэмжсэнээр аймгийн ХААГ-т Орхон үүлдрийн хонь авч, 2003 онд анх “Генефондын аж ахуй” гэж байгуулсан юм. Улмаар 2005 онд орхон үүлдэр, ерөө үүлдрийн хэсгийн хонины генефондыг хамгаалж хадгалан биологийн ашигт чанарыг нь сайжруулж, шилмэл хээлтэгч, хээлтүүлэгчээр иргэд аж ахуйн нэгжийг хангах зорилготой биеэ даасан “Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуй” гэсэн орон нутгийн өмчит байгууллага болж өргөжсөн. Одоо манай үржлийн төвд цэврээр ерөө хонь 300, орхон хонь 560 орчим толгой өсч байна. Үүнээс 400 нь эм хонь. Аймгийн хэмжээнд яривал ерөө хонь 4000, орхон хонь 7000 орчим толгой цэврээрээ байна. Эдгээрийг хорь гаруй суурьт малладаг.
Орхон хонь эх орны ууган үүлдэр дээ. Энэ үүлдэр сэргэж байгаад баяртай байна?
-Тэгэлгүй яахав. Энэ хонь үүлдрээр батлагдах үедээ 21921 толгой байсан бол зах зээл бужигнаж эхлэхэд 54773 толгой болж өсөөд байлаа. Түүнээс хойш тоо толгой нь тогтмол буурч, хэвшил нь алдагдахдаа тулсан ч эдүгээ эргэж сэргэж байгаа нь энэ юм. Бид “Генефондын аж ахуй” гэж байгуулаад “Орхон далай” компаниас Орхон хонины 350 охин төлөг анх авчирч байсан юм.
-Үржлийн ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Зохиомол хээлтүүлгийг өөрсдийн хүчээр жил бүр хийдэг. Нэг хуцнаас авсан үрээр доод тал нь 300 хонь хээлтүүлэх боломжтой. Орхон, ерөө хонийг цэврээр нь өсгөж буй малчны хээлтэгч малыг үнэ төлбөргүй үрлэж байна. Нэгэнт батлагдсан үүлдэр угсаагаа авч үлдэх, улмаар аль болох өсгөх бодлого барьдаг. Сэлэнгэ цөм сүрэгт орхон үүлдрийн цэвэр хуц 30, төлгөн хуц 20 толгой, ерөө хонины 20 хуц байна.
-Өөр аймаг, сумаас танай хонийг авч байна уу?                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    -Авна. Хэнтийд талын цагаан гээд нарийвтар ноост хонио сайжруулах гэж авдаг. Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дархан, Төв аймгаас ч ирдэг. Манайхаас хуц авсан малчид ам сайтай байдаг. “Ямар сайхан том төл гаргадаг юм бэ” гэж шагширдаг шүү. Төлөвлөгөөт эдийн засгийн үед жил бүр орхон хонины 500-1000 охин төлөг, 100-300 хээлтүүлэгч мал бусад аймаг, сум руу зардаг байж билээ. Сэлэнгийн Цагааннуур сум гэхэд дандаа Хангай хонио, Орхон, Сант, Номгонд орхон, ерөө хонийг,
Жавхлант сум ерөө хонийг төрөлжүүлэн өсгөж байв. Тоо толгой нь нийлээд 100 мянга хол давсан байсан шүү.
-Танайх цөм сүргийн эцэг малаа хэдээр зардаг вэ?
-Эцэг малаа 400.000 орчим төгрөгөөр өгчихдөг. Хэрэв орхон, ерөө хуц авсан бол нэг хотонд хоёр жил л ашиглах боломжтой. Түүнээс хойш цус ойртох аюултай тул нэг бол эцэг малыг шинэчлэх, үгүй бол ижил үүлдрээр өөр зууртаа солбицон хээлтүүлээрэй гэж зөвлөдөг. Саяхан Багануураас нэг компани хэдэн зуугаар нь хонь худалдаж авъя гэсэн санал тавьсан. Харамсалтай нь, тийм их хэмжээгээр худалдах боломж алга. Ирээдүйд болох байх. Би цөм сүргээ 3000 толгойд хүргээд өсгөчих юм сан гэж боддог. Яагаад гэвэл, би эдгээр хонийг бий болгоход хүчин зүтгэж яваа хүн. Түүгээрээ ч бахархдаг. Энэ гурван хонийг МАА-н хүрээлэнгийн эрдэмтэд бий болгосон юм шүү дээ. Аймгийн хэмжээнд 200-250 мянган толгой нарийн, нарийвтар ноост хоньтой байхад улсын ноосны хэрэгцээг бүрэн хангачихна. Эдгээр хонины үржлийг хариуцсан мэргэжилтэнг нэмж бэлтгэх, малчдыг орхон, ерөө, хангай хонь маллах арга технологи эзэмшүүлэх сургалтад хамруулах, ноос хяргах арга ажиллагаанд сургаж
дадлагажуулах хэрэгтэй юм.
-Ноосоо хаана борлуулдаг вэ. Үнэ ханш нь ямархуу байна?
-Сэлэнгэ цөм сүргийн аж ахуйгаас жилд 1.8-2 тонн ноос, аймгийн хэмжээнд 7-8 тн ноос авч, үндэсний хоёр үйлдвэрт ерөө хонины кг ноосыг 3500 төгрөгөөр, орхон, хангай хонины ноосыг 4000 төгрөгөөр тушааж байна. 1998-2008 онд Норвегийн төсөл хэрэгжсэнээс хойш манай ноос харьцангуй үнэтэй болсон. Төлөвлөгөөт эдийн засгийн үед “Говь” комбинат хангай хонины охин төлөгний ноосыг ноолууртай хольж нарийн даавуу, цэмбэ үйлдвэрлэж байлаа.
-Эдгээр хонины мах нь хэр чанартай бол?
-Ер нь энэ гурван үүлдэр гурвуулаа ноос төдийгүй махны гарц, чанараар монгол хоньтой харьцуулах аргагүй өндөр юм. Махны тухайд, хавар гарсан хургыг бэлчээрээр маллаад мөн оныхоо IX сарын эхээр нядлахад гулуузын жин 17-20 кг орчим байсан. Харин өвөл нэмэгдэл тэжээл өгөөд дараа оных нь дөрөвдүгээр сард нядлахад амьдын жин 52 кг-тай байлаа. Орхон, ерөө хонь шилмэл малын үзэсгэлэнд удаа дараа алт, мөнгөн медаль хүртэж байсан. Сэлэнгэ аймаг 2023 онд орхон, хангай үүлдэр, ерөө үүлдрийн хэсгийн хонио “Нутгийн брэнд”-ээр зарласан. Эх орны ууган үүлдэр, хүний оюуны бүтээл энэ хонь бий болсон түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Орхон сумын сайн малчин Ц.Бадрах хөшөөг нь бүтээж залсан байдаг.
-Цөм сүргийн аж ахуй орон нутгийн өмчит юм байна. Төсвөөс татаас авдаг уу?
-Батлагдсан үүлдрийг хамгаалах, өсгөн бойжуулах ажлыг орон нутгаас дэмжих хуулийн заалттай. Тэр утгаараа орон нутгийн төсвөөс жилд 20 сая төгрөгийн татаас өгдөг. Сэлэнгэ цөм сүргийн аж ахуй таван малчин, нэг малын эмчтэй. Тэднийхээ цалинг тавина, өвс хадлангаа бэлтгэнэ. Заримдаа урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх л юм . Хавар өгөх ноосоо барьцаалж үйлдвэрээс урьдчилан мөнгө авч цалингаа тавих удаа ч бий. Малчидтайгаа гэрээгээр ажилладаг, үүнд төлийн 30 хувийг малчин, 100 хониноос 94-ийг нь онд оруулбал үлдсэн зургааг нь малчиндаа өгдөг. Малчид маань тогтмол 550,000 төгрөгийн цалинтай, тэднийхээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж байна.
-Хээлтүүлэгч худалдахаас гадна ноос, махны борлуулалт хийдэг үү ?
-Тийм ээ, жил бүр үзлэг, ангилалт явуулж, үржилд тэнцэхгүйг нь заазалж зах зээлд борлуулдаг. Хуц тавиагүй эр төлийг ч борлуулна. “Дархан нэхий” компани манай хонины нэхийг 8000 төгрөгөөр авдаг. Гэхдээ гар аргаар нядалсан бол гологддог. Заавал үйлдвэрт нядлуул гэдэг. Гэтэл тэр нядалгааны цех нь хаа байсан Дарханд, үнэтэй ч хэлнэ. Ийм бэрхшээл бий. Цаашид орон нутагтаа орчин үеийн тоног төхөөрөмжтэй махны жижиг дунд үйлдвэртэй болчихвол сайн сан.
– Та хувьдаа тусгайлан мал өсгөж байна уу?
-Үгүй, хүмүүс намайг харддаг байх. Орхон, ерөө хониноос салахгүй байна, өөрт нь юм байгаа гэж боддог байх. Тийм биш л дээ. Энэ гурван үүлдэр хаа ч байхгүй, зөвхөн Сэлэнгэд л байгаа хонь юм. Авторууд, эрдэмтэд нь бүгд миний багш нар. Амьд ахуй цагтаа хониныхоо хувь заяаг надад даатгаж үлдээсэн юм. Тийм учир генетик нөөцийг нь алдагдуулахгүй, биологийн ашигт шинжийг нь бууруулахгүй гэж л зүтгэж явна. Түүнээс мөнгө төгрөг харсан юм алга. Би 1977 онд ХААДС-ийг зоотехникч /мал зүйч/ мэргэжлээр төгсч, Өмнөговь аймгийн “Говийн бүсийн эрдэм шинжилгээний нэгдсэн станц”-д хоёр жил ажилласан. Тэндээсээ Сэлэнгэд ирж, одоог хүртэл МАА-н салбартаа тэргүүлэх зэрэгтэй мал зүйчээр ажиллаж байна. 1999 онд салбарын тэргүүний ажилтан болсон. Сая 100 жилээр Алтангадас одонгоор шагнагдсан даа.
-Цаашид ямар ажил төлөвлөж байна вэ?
-Орхон, ерөө, хангай хонийг одоо дахиад давтан сайжруулмаар байна. Нарийн ноост алтай ставрполь, нарийвтар ноост прекос, кубейшев, северкавказ, цигай зэрэг эх үүлдрийн хээлтүүлэгч болон гүн хөлдөөсөн үрийг импортоор оруулж, үнэт чанарыг нь алдагдуулахгүйгээр цус сэлбэх, ашиг шимт чанарыг сайжруулах шаардлагатай байна. Тиймээс төр, орон нутгаас нарийн, нарийвтар ноост хонь үржүүлж байгаа, шинээр үржүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг бэлчээр нутгаар хангаж, удаан хугацааны гэрээгээр эзэмшүүлэх, өвс тэжээл бэлтгэх болон ногоон тэжээл тариалахад шаардлагатай үр, техник, тоног төхөөрөмж нийлүүлбэл сайн байна.
-Орхон хонийг 2005 онд Оросоос хуц авчирч сайжруулсан гэж сонссон?
-Тийм ээ. Тэр үед дундаж орхон үүлдрийн хонины ноосны гарц 2.6 кг, хуцных 4 кг орчим байсныг сайжруулсны дараа эм хониных 3.5 кг хуцных дээд тал нь 6-7 кг ноостой болж нэмэгдсэн. Мэдээж, давтан сайжруулбал илүү л сайн байна шүү дээ.

Холбоотой мэдээ