Тасалгааны ургамал үрээр ургуулах
Хөрсөө сонгох
Үр суулгах хөрс хөнгөн, сийрэгжүүлсэн байх ёстой. Энэ нь хэт чийгшлээс сэргийлэхийн зэрэгцээ шаардлагатай хэмжээний чийгийг хадгалж, хөрсөн дэх агаарын солилцоог хэвийн байлгадаг. Хөрсийг сийрэгжүүлэхэд ашиглаж болох зүйлсэд элс, хүлэрт хөрс, вермикулит орно. Үр болон үрсэлгээ ургуулах зориулалтын шахмал хүлэрт хөрс байвал илүү тохиромжтой.
Хөрсөө ариутгах
Туршлагаас харахад ариутгаагүй хөрсөнд үрээ суулгавал ургасан ч гэсэн мөөгөнцөртөн өвчилж, улмаар ургах чадвараа алддаг. Үр ургах нь өөрөө биохимийн үйл явц учраас нүүрс ус, төрөл бүрийн фермент, тэжээлийн бодисууд оролцдог. Иймээс хөрсөө заавал ариутгах шаардлагатай. Ариутгахдаа хөрсөө гялгар уутанд хийж шарах шүүгээнд хийж 2-3 минут эргүүлнэ. Шарах шүүгээгүй бол хайруулын тавган дээр хөрсөө хуурч болно. Эсвэл хөргөгчний хөлдөөгчинд хийж, 2-3 хоног байлгаж болох юм. Ингэснээр үр янз бүрийн бактерид өртөхгүй дархлаажина.
Үр суулгах сав бэлдэх
Үр суулгахдаа ямар сав сонгох вэ? Жишээлбэл, нарийн боовны нэг удаагийн хуванцар, дээрээ тагтай савыг ашиглаж болно. Мөн нэг удаагийн аягыг хэрэглэж болно. Эдгээр савны ёроолд илүүдэл усыг гаргах нүх гаргах хэрэгтэй. Нэг удаагийн саванд үрээ суулгахдаа ямар цэцэг гэдгээсээ хамаараад үрийн тоо харилцан адилгүй байдаг. Учир нь зарим цэцэг үрслэхдээ үндэс нь хурдан ургаж хоорондоо орооцолддог. Тийм цэцгүүдийг үрсэлсний дараа салгаж суулгахад байдаг. Нэг удаагийн саванд суулгахдаа хэрэв таглаагүй бол гялгар уут, шилээр битүү таглаж вакуумдаж өгнө. Үрийг дээд тал нь нэг см-ээс ихгүй гүн хөрсөнд суулгана. Яагаад гэвэл үр амьсгалдаг учраас хэт гүн суулгаж болохгүй. Зарим гэрэл их шаарддаг үрийг хөрсөн дээр ил суулгадаг /глоксиния, бегония гэх мэт/. Зарим том үртэй цэцгийн хувьд /гардения, пальма, пеларгония гэх мэт/ гумины уусмал, зуун настын шүүсэнд дэвтээж болно. Үрийг дулаан орчинд ургуулахаас гадна хөрсний чийгийг зөв тохируул. Хэт чийгтэй хөрс үрийг ялзруулдаг бол хэт хуурайшвал хатах аюултай. Хөрсөө чийглэхдээ марганцтай буцалсан усыг шүршигчинд хийж жигд чийглэнэ. Вакуумдсан үрийн гялгар уут, таглаан дээр хөлөрсөн усны уур үүссэн байвал арчиж ав. Ингэхгүй бол ус нь үр рүү унаж уусган алга болгох магадлалтай. Үр соёолсны дараа бага багаар тасалгааны дулаанд дасган агаар оруулж аажмаар тагийг авна. Үр соёолох хугацаа харилцан адилгүй ба зарим үр 3-4 хоногт соёолдог. Зарим нь долоо, бүр хэдэн долоо хоногоор ч хүлээхээс аргагүйд хүргэдэг. Тиймээс тэвчээртэй ажиглан хүлээ.
Гэрэлтүүлэг
Ихэнх үрийг нэгээс гуравдугаар сард эхлэн суулгана. Нэгдүгээр сард суулгасан үрэнд нэмэгдэл гэрэлтэй орчныг бий болгох хэрэгтэй \ширээний чийдэн\. Мөн өвөл суулгасан үрэнд нэмэлт гэрэл заавал шаардлагатай. Гэрэлтүүлэг бага байвал үр ургахгүй. Үрийг нарны шууд тусах гэрэлд тавьж болохгүй. Харин арай сулавтар юмуу ойсон гэрэлтэй орчинд тавина.
Шилжүүлэн суулгалт
Үр соёолж томорсны дараа үрсэлгээний савандаа багтахгүй томорч, бие биеийнхээ ургалтад саад болж эхэлдэг. Энэ үед хоорондын зайг холдуулан арай том саванд шилжүүлэн суулгана. Ийм шилжүүлэн суулгалтыг соёолж буй үрсэлгээ бие даан ургах чадвартай болтол хийнэ. Үйл явц 3-4 удаа давтагдана. Үрсэлгээ бие даан ургах чадвартай болж, томрон биежсэн үед тохирох саванд суулгаснаар та бидний хүссэн цэцэг ургах нөхцөл бүрдлээ гэсэн үг.