УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: БҮХ ТӨРЛИЙН МАХНЫ ЭКСПОРТОД КВОТ ТОГТООХГҮЙ
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Намрын тариа хураалтын ажил ид өрнөж байна. Энэ жилийн тухайд хичнээн хэмжээний үр тариа хурааж авахаар төлөвлөж байгаа вэ?
-Энэ жилийн хувьд дунджаар нэг га-гаас 15 центнэр буюу 1.5 тонн улаанбуудай хураан авч байна. Энэ бол сүүлийн 10 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм. Ургац хураалтын урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан. Аравдугаар сарын 10-ны байдлаар үр тариа хураалтын ажил 30 гаруй, төмс хүнсний ногооны хураалт 75 орчим хувьтай үргэлжилж байна.
-Цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Есдүгээр сарын сүүлээр тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас ургац хураалтын ажил долоогоос найман хоногоор саатсан. Цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор буудайн хатаалгын үйлчилгээ, ургац тээврийн 100 км доторх зардлыг хариуцах, элеватор агуулах түрээслэх, бүтээгдэхүүний стандартын зарим үзүүлэлтэд зохицуулалт хийж түр горимоор ургац хүлээн авах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.
-Хүнсний ногооны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад
ямар байгаа вэ?
-Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа дээд амжилт тогтоохоор ажиллаж байна. Бид энэ оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарласан. Төмс, хүнсний ногоо хураалтын механикжуулалтыг дэмжих зорилгоор худалдан авсан техник, тоног төхөөрөмжийн үнийн 50 хүртэл хувийг хөнгөлөх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хот суурин газрын иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 12 нэр төрлийн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлсөн. Түүнчлэн эцсийн бүтээгдэхүүнд нь урамшуулал олгож эхэлснээр тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 18.3 хувиар өсөх төлөвтэй байна.
-Тэгвэл төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн үг үү?
-Энэ жил улсын хэмжээнд 18.4 мянган га талбайд төмс, 13.9 мянган га талбайд бусад хүнсний ногоо тариалсан. Урьдчилсан байдлаар төмсний хэрэглээг 100 хувь, хүнсний ногооны 82 хувийг дотоодын ургацаас хангахаар ажиллаж байна. Хүнсний ногооны хувьд тариалалтаас илүүтэй хадгалах ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг жилийн хугацаанд дотоодын хэрэглээгээ бүрэн хангахуйц ургац авах боломж бий. Гэхдээ хурааж авсан хүнсний ногооныхоо 30 орчим хувийг хадгалалтын горимоос болж алдах эрсдэл өндөр. Тэгэхээр хадгалах, хамгаалах нь тарьж ургуулахаас илүү асуудал болоод байна гэсэн үг юм.
Түүнчлэн хүнсний ногоо тариаланчдаа дэмжиж, тэдний амьдралын төвшинг дээшлүүлэх, энэ салбарт ажиллах боловсон хүчинг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг болох үнэ ханшийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, импортоор орж ирж байгаа төмс, хүнсний ногооны татварыг нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай. Тэгэж байж бид жилийн дөрвөн улиралд дотоодын хүнсний ногоогоо хэрэглэх нөхцөл бүрдэнэ.
-Үр тариа, улаанбуудайн тухайд ирэх жилийн нөөцийн хэмжээ ямар байгаа вэ. Энэ жил ОХУ-аас импортоор үр тариа авах уу?
-Энэ намрын ургацаас 55 мянган тонн хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн. Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай дээд сортын үрээр тариалалт хийхийн тулд ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг ОУХ-ын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импортоор авч үнийг нь 30 хувиар хөнгөлж, мөн 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон. Товчоор хэлбэл, тариаланчдаа бүх талаар дэмжин ажиллаж байна.
-Шатахуун үе үе тасарч байна. Хөдөө аж ахуйн салбарт шатахууны хэрэгцээ өндөр байдаг. Тэр утгаараа яамны зүгээс ямар бодлого зохицуулалтаар хангаж ажиллаж байгаа бол?
-Ургац хураалтад шаардагдах шатахуун, түлшний хангалтыг тасалдуулахгүй нийлүүлэх талд яамны зүгээс онцгой анхаарч байна. Өвлийн түлшний үнэ нэмэгдсэн. Улсын ургацын комиссын гишүүн Ашигт малтмал, газрын тосны газарт чиглэл өгсөн. Тээвэрлэлт, зам талбай, гүүрийн засвар, ялангуяа цахилгаан, эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахад онцгойлон анхаарч цаг хугацаатай уралдаж байна. Бидэнд үр дүн чухал.
-Хөдөө аж ахуйн салбар бол Монголын эдийн засгийг өсгөх, солонгоруулах хоёр дахь том салбар. Малчдыг дэмжих бодлого орхигдсон талаар иргэд шүүмжилдэг, энэ талаар?
-Хэдхэн хоногийн өмнө “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Энэ удаа 800 орчим залуу малчид чуулж, тэдний зарим төлөөлөл өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн. Чуулганаар малчдад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор E-malchin, Малчдад мэргэжлийн боловсрол олгох, Мал аж ахуйн кластер зэрэг 10 төсөл хөтөлбөр ажил хэрэгжүүлэхээр болсон. Малчдын зүгээс маш олон санал, шүүмжлэлийг дэвшүүлсэн. Том зургаар нь харвал залуу малчид маань өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон малын махаа зах зээлд хэрхэн яаж боломжит үнээр нийлүүлэх асуудлыг ихээхэн ярилаа. Угтаа бол бид дотоодын хэрэглээгээ хангахаас гадна гадаад улсад их хэмжээгээр, мөн өндөр үнээр махаа экспортлох бүрэн нөөцтэй. Гэхдээ малын махаа олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
-Малын эрүүл бүс байгуулах асуудал ихээхэн яригдах болсон. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Дотоодын нийт бүтээгдэхүүний голлох салбар, тэр дундаа хүнсний салбарт томоохон хувийг эзэлдэг малын махаа эрүүлжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Эрүүл монгол малын мах бий болгож, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Тэгэхээр мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулж, малаа бүрэн эрүүлжүүлэх зайлшгүй нөхцөл үүссэн. Ингэж байж бид дэлхийд махны экспортын хэмжээгээрээ хүчтэй өрсөлдөгч болж чадна. Хорио цээрийн бүс буюу эрүүл бүсэд бэлчээрлэж буй малыг хуваарьт вакцинжуулалтад хамруулж, гаднаас өвчтэй байж болзошгүй мал нэвтрүүлэхгүй байх дэглэм тогтооно. Зарим аймгийн зүгээс эрүүл бүсэд хамрагдах хүсэлтээ яаманд ирүүлж байгаа нь энэ талын ойлголт сайжирсныг харуулж байгаа нэг үзүүлэлт юм. Тухайлбал, Хөвсгөл аймгийн зургаан сумыг эрүүл бүсэд хамруулах тогтоол гарсан боловч аймгийн удирдлага, иргэдийн зүгээс бүх сумаа хамруулах хүсэлт ирсний дагуу Засгийн Газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон.
-Эрүүл бүс олноор байгуулах нь мах экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг үү?
-Салбарын яамны зүгээс малын махыг гадаад улсад нийлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Монгол Улс малын махныхаа чанарыг дэлхийн жишигт хүргэж, зах зээлийн үнийг өсгөхөд онцгой анхаарах ёстой. Би ХХААХҮЯ-нд сайдаар ирэхдээ “Малын махны экспортод эрс өөрслөлтийг авчирна” гэж хэлж байснаа санаж байна. Өнгөрсөн жил үхрийн махнаас бусад төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт буюу квот тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, адуу, хонь, ямааны мах экспортлоход ямар нэгэн квот зарлаагүй гэсэн үг юм. Энэ шийдвэр махны экспорт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн нь тоон судалгаанаас харагддаг. Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортолсон бол өнөө жилийн хувьд аравдугаар сарын 1-ий байдлаар 53,2 мянган тонн мах экспортод гаргаад байна. Оны сүүл гэхэд энэ тоо улам нэмэгдэнэ. Квот ямар их саад тушаа болж байсан нь эндээс харагдах байх.
Тэгвэл саяхан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж бүх төрлийн махны экспортод квот тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Гадаад улсад нийлүүлэх махны квот тогтоох нь олон талын учир дутагдалтай талаар аж ахуй нэгжүүд болон иргэд байнга шүүмжилдэг. Ямар нэг хязгаар тогтоох нь шударга бус өрсөлдөөн, авлига, хээл хахууль зэрэг олон талын сөрөг үр дагавартай шүү дээ. Тиймээс эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан үйлдвэр аж ахуй нэгжүүд сайн чанарын махаа ямар нэг тоо хэмжээний хязгаарлалтад баригдалгүйгээр нийлүүлэх эрх зүйн орчин бүрдлээ гэж ойлгож болно. Энэ нь төрийн зүгээс аж ахуй нэгжүүдийг тэгш боломжоор хангах сайн талтай гэж харж байгаа.
-Манай улс дэлхийн хэдэн оронд мах нийлүүлж байгаа вэ?
-Хятад, Япон, Орос, Казахстан, Узбекстан, Иран зэрэг арав орчим улсад их, бага хэмжээгээр экспортолж байна. Адуу, хонины махыг хөлдөөсөн, бусад махыг дулааны аргаар боловсруулсан хэлбэрээр бэлтгэдэг.
-Экспортолж байгаа махны үнийг цаашид нэмэгдүүлэх боломжтой юу?
-Үнэ ханшийн хувьд экспортод гарч байгаа махны үнэ дотоодод худалдаалагдаж байгаа махны үнээс зарим тохиолдолд доогуур байгааг үгүйсгэхгүй. Учир нь яг одоогоор гадагшаа гарч байгаа малын мах олон улсын стандартыг 100 хувь хангаж чадахгүй байгааг нуухгүй. Жишээлбэл, Америк, Европын хэрэглэгчид үхрийн махыг шүүрхийгээр болон хагас болгож хүнсэндээ хэрэглэдэг. Ингэж шүүрхийгээр хэрэглэхийн тулд тухайн малыг төрснөөс эхлээд хүнсэнд хэрэглэх хүртэлх хугацааны бүртгэл, мэдээлэл заавал байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, тухайн нэг үхрийн хувьд ямар өвчин тусч байсан, ямар эм бэлдмэл, вакцин, туулга, тарилгад хамрагдаж байсан эсэх нь тухайн малын бүртгэлийн мэдээлэлд бичигддэг. Яг ийм бүртгэлжүүлэлтэд хамрагдсан малын мах олон улсын зах зээлд үнэ хүрч байна. Бид өөрсдөө ямар нэг стандарт зохиогоод байгаа юм биш, олон улс биднээс ийм эрүүл ахуйн стандартад нийцсэн мах авах шаардлага тавиад байгааг иргэд маань ойлгох хэрэгтэй.
Монгол Улсын хувьд Малын генетик нөөцийн тухай хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар бүртгэл хяналтад хамруулахыг хуульчилсан. Судалгаанаас харахад, үхрийн мах нь шүлхийгээс гадна 40 орчим төрлийн өвчин тээгч шимэгчтэй гэж үздэг. Ялангуяа үхрийн махыг Мал амьтны эрүүл мэндийн байгуулага буюу махны экспортын зөвшөөрөл өгдөг газар нь бүртгэл хяналтад оруулсан байх ёстой. Тэгэхээр энэ асуудлаа дотооддоо нэн тэргүүнд шийдэж байж олон улсад махаа өндөр үнээр борлуулна.