Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл: Сайхан мэргэжил, их буянтай ажил даа

 Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл: Сайхан мэргэжил, их буянтай ажил даа

Сэлэнгэ аймгийн Шаамар сум 1924 онд Орхон, Сэлэнгийн сав, Халзангийн хаяа хэмээх өгөөж баян нутагт тулгын чулуугаа тулсан юм. Зүүн, баруун талдаа Хангай, Хэнтийн нурууны төгсгөл, үзэсгэлэнт байгальтай, хүн ард нь ажилсаг, амь зуулгатай нутаг билээ.
Хүмүүс мэддэг дээ, ариун шүтлэгт “Ээж мод” бий. Алдарт Тужийн нарс байна. Орхон голын хөндийд, битүү нарсан дунд байх энэ суманд дээхнэ үед улсын Жимс, жимсгэний станц ажиллаж байлаа. Монгол Улсын хэмжээнд Орос, монгол, хятад сургуультай ганцхан
сум байсан. Аймагтаа хамгийн олон мод үржүүлгийн газартай. Аж ахуйн нэгж байгууллагаас гадна хувь хүмүүс навчит болон шилмүүст бүх төрлийн мод үржүүлж, чанарын шаардлага хангасан тарьц, суулгацыг зах зээлд нийлүүлж байна. Мөн зөгийн балны
үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Айл бүр хашаандаа жимс, жимсгэний мод тарьж, зөгий малладаг гэхэд хилсдэхгүй. Хүн бүр хөдөлмөрч учир өрхийн орлого тэр хэрээр нэмэгдэж, амьдрал хангалуун, аж төрөл дориун сууцгааж байна. Шаамар сумын Бүүрэг толгойгоос эртний хүний ул мөр олдсон нь алдарт Эрмитажийн музейд “Монголын Шаамарын…” гэх тодотголтой хадгалагдан буй билээ. Түүнчлэн чулуун тээрэм ашиглаж байсны дурсгал олджээ. Хувьсгалын анхны буун дуу чухамдаа энэ нутагт, тодруулбал, Шаамарын Шар тохой гэх газар гарч байсныг сануулах юун.

Бид Шаамар сумын эгэл олны төлөөлөл болгож, байгаль хамгаалагч Жанамхааны Алтангэрэлийг онцоллоо. Ж.Алтангэрэл энэ нутгийн унаган, айлын отгон, ганц хүү юм. 1965 онд төрсөн, төрийн албанд 35 дахь жилдээ, үүнээс байгаль хамгааллын салбарт 20 орчим жил хоёргүй сэтгэлээр тасралтгүй ажиллаж байна.

-Миний бага нас Шаамар сумын Халзангийн хаяа гэх газар өнгөрсөн. Хадам ээжийг Сосор гэдэг, гавъяат Үйтүмэнгийн нагац эгч, Шаамарын  унаган хүн. Дөрөвдүгээр анги төгсөөд л багшилсан, насаараа багшилсан хүн. Гэр бүлийн хүнийг маань Алтанцэцэг гэдэг. Ногоо тарьж, зөгий маллаж, үнээ хүртэл саана. Хийхгүй ажилгүй, завгүй хүн бий. Би гурван хүүхэдтэй. Бүгд тусдаа гарсан. Эхнэр бид хоёр Халзангийн хаяанд, сумынхаа гал голомтыг “манаж” амьдарч байгаа улс даа гэж Ж.Алтангэрэл хуучлав.

Аав, ээж нь Ховд аймгийн Булган сумын торгууд улс юм. Ээж Батын Мужиг гэж, айлын ганц охин. Аав Жанамхаан баруун хязгаарын тулгаралтад оролцож, Улсын баатар Бадам, Чулуудай нартай мөр зэрэгцэн тулалдаж явсан ажээ. Хоёр буурал нь насаараа нэгдлийн мал маллаж, 1964 онд Шаамарт шилжин суурьшжээ. Аав нь Шаамарын шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.

-Би сургууль, цэцэрлэгт нягтлан, нярав гээд “гүйж” байлаа. Улаанбаатар хотод Нарантуул захад таван жил наймаа хийсэн. 2003 онд Шаамар сумынхаа ЗДТГ-т жижүүрээр орж, 2006 онд байгаль хамгаалагч болсон. Санжаа дарга санал тавьж байлаа. Тэгэхэд ойн цагдаа гэдэг байв. Улсын байцаагч шиг торгох, шийтгэх эрх мэдэл байхгүй л дээ. Гэхдээ зөрчлийг таслан зогсоох, хулгайн тээвэр хийсэн машиныг журамлах, байгууллагад нэвтрэх, дээж авах, онц нөхцөлд машин тэрэг, хүн хүч дайчлах эрхтэй.

2006 оноос эхлээд дөрвөн ч жил Тужийн нарснаас хулгайн мод тээвэрлэх явдал гаарч, ер нь л дуусгаж байсан юм. Дээр нь хоёр ч удаагийн түймэр нэрмэсэн. Улс хамгаалалтад авахаас өмнө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, хөрөө сүх үүрээд нарс руугаа ордог, тэндээс амь зуулгаа авдаг байсан. Зохион байгуулалтад орсон, техникжсэн хүмүүс ч олон. Улсын байцаагч Пэрэнлэй бид хоёр мөн ч их явсан даа. Ажил үүргээ гүйцэтгэх явцад амь өрсөх нь бишгүй байсан. Засагт машин байдаггүй, хангалт тааруу, ганц хийн буутай. Хулгайн тээвэрчдийн хойноос морьтой л хөөцөлддөг, зарим үед хувь хүний автомашин дайчилдаг. Ингэж явахдаа шахуулах, дайруулах зэргээр осолдож л байлаа. Мод ачсан, чиргүүлтэй машин гэхэд явдал дунд чиргүүлийнхээ татлагыг огтолж орхино. Дүнз асгараад л бууж байгаа юм. Зам хаах энүүхэнд, аягүйдвэл дарагдаж осолдох ч эрсдэлтэй. Барина л даа. Тээврийн хэрэгслийг нь журамлана, модыг нь хураана. Гэсэн ч одоогийнх шиг хатуу чанга шийтгэл байдаггүй байлаа шүү дээ гэж Ж.Алтангэрэл ярьж байна. Нээрэн ч тийм юм. Одоо байгаль хамгаалагчдын хангалт сайн, шагнал урамшуулал ч боломжийн хэмжээнд хүрсэн. Унаа унаштай, богино долгионы радио станцтай болсон. Хууль дүрэм ч чангарсан, нэг мод огтлоход сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр төлүүлдэг, тээвэрлэсэн, худалдаж авсан хүнийг, ер нь энэ сүлжээнд оролцсон бүх хүнийг шийтгэх эрх зүйн орчин бүрдсэн. Дээр нь хүмүүсийн байгальдаа хандах хандлага эерэгээр өөрчлөгдсөн тул модны зөрчил бараг үгүй болжээ.

-Шаамарт ашиглалтын ой байхгүй. Тиймээс түлээний мод ч авахгүй шүү дээ. Ойн сан бүхий Хүдэр, Бугант руу явж бэлтгэдэг. Байгалийн дагалдах баялаг зөвшөөрөлгүй ашиглах, эмийн ургамал түүх зэрэг мэр сэр зөрчил гарч л байдаг. Улсын байцаагч, цагдаатайгаа
хамтран тэр бүрт хүрч ажилладаг даа гэж эгэл баатар Ж.Алтангэрэл хуучлав. Тэрээр, 2012 онд салбарын тэргүүний ажилтан болжээ.

“Мэргэжлийнхээ сайхныг хэлээч” гэхэд, “Сайхан л мэргэжил… их буянтай ажил даа” гэж тэрээр хариуллаа.

Холбоотой мэдээ