ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ: ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ:

 ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ: ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ:

-“Ногоон эрэл”-ийн сурвалжлах баг саяхан газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэд ажилласан юм. Тариаланчдын ярианаас төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр эзэндээ хүрчээ гэх сэтгэгдэл төрсөн л дөө?
-Засгийн газраас энэ жилийг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарласан. Энэ оны дөрөвдүгээр сард 1000 тариаланч оролцсон үндэсний чуулган зохион байгуулсныг санаж байгаа байх. Чуулганы төлөөлөгчид салбарынхаа наана цаадахыг нарийн сайн ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлбэл зохих олон санал санаачилга гаргаж байсан. Тэр бүхэн нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд тусгалаа олон, өнөөдөр орон даяар амжилттай хэрэгжиж байна. Түүнчлэн 2022 онд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол батлагдав. Эрх зүйн ийм таатай орчинд газар тариалангийн салбарт олон ажил зохион байгуулж байна.
Тухайлбал, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг Засгийн газраас олгож байна. Одоогоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид 90 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид 22 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкуудаас авсан байна.
Түүнчлэн улаанбуудайн үрийн шинэчлэл хийх зорилгоор 5.6 мянган тонн элит үрийг зээлээр олгосон. Мөн техникийн шинэчлэл хийх, бордоо худалдан авахад дэмжлэг үзүүлж байгаа. Үр тариа үйлдвэрлэгчид маань технологи ажлыг цаг тухайд нь чанартай хийдэг болж, техник, технологийн дэвшил ч өргөн нэвтэрч байна. Тиймээс нэгжээс авах ургацын хэмжээ өсч ололт амжилт бий болж байгаа.

-Энэ жил 165,8 мянган тонн хүнсний ногоо хураасан нь нийт хэрэгцээний 81,3 хувийг хангахаар урьдчилсан бланс гарчээ. Анх удаа ийм амжилтад хүрч байна шүү?
-Тийм ээ. Дараа жил 90 гаруй хувийг хангахаар төлөвлөсөн. Энэ жилийн ургацын урьдчилсан блансаар үр тариа 510.000 тонн, үүнээс улаанбуудай 480.000 тонн, төмс 165.000 тонн, хүнсний ногоо 165,8 мянган тонн, тосны ургамал 65.000 тонн, тэжээлийн ургамал 225.000 тонныг хурааж авах төлөв гарсан. Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь хангахаар байна.

-Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд гар ажиллагааг механикжуулах, зоорийн хангамжийг нэмэгдүүлэх нь чухал байх?
Хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжилтийн түвшинг нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор техник, тоног төхөөрөмж худалдаж авсан иргэн, аж ахуйн нэгжид 50 хүртэл хувийн дэмжлэг олгож байгаа.
Мөн бордоо худалдан авч талбайдаа ашиглаж хөрсний үржил шимийг хамгаалсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 30 хүртэл хувийг буцаан олгох хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн урамшуулалд хамрагдах хүсэлтийг Газар тариалангийн цахим мэдээллийн системээр дамжуулж цахимаар авч байна.
Мөн Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд хүлэмж, зоорь байгуулахад арилжааны банкнаас зээл олгож байна.

-Газар тариалангийн салбарт цахим мэдээллийн систем нэвтрүүлж байгаа гэж сонссон?

-Тийм ээ. Энэ их чухал ажил юм. Бид “plant.moba.gov.mn” гэсэн цахим бүртгэлийн систем нээн хөгжүүлж байна. Тариаланч, ногоочид маань энэ сайтад бүртгүүлж, хаана, хэдий хэмжээний талбайд, юу тарьж ургуулж байгаа, хэдэн жил болж байгаа, хэдий хэр ургац авсан, яаж борлуулсан бэ гэхчлэн бүх мэдээллийг төвлөрүүлнэ.
Арилжааны банкууд зээлийн хүсэлт судлахад яамнаас албан бичиг шаардлагагүйгээр энэ хаягаар цахимд нэвтрэн тариаланчийн бүртгэлийг харж байна. Зээл хүсч буй тухайн аж ахуйн нэгж, хувь хүний бизнесийн түүхийг харчихна. Цахим хөгжүүлэлт хийх нь цаг хугацаа, хүн хүч хэмнэсэн чухал ажил болж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах ач холбогдолтой. Систем маань шинэ тулгар байгаа учир системийн ач холбогдлыг таниулах, ашиглах сургалт хийх шаардлагатай байна. Зарим тохиолдолд тариаланчид маань мэдээллээ цаг тухайд нь оруулж чадахгүй байх явдал гарч байна. Таниулж мэдүүлэх, сурталчлах ажлыг аймгийн ХХААГ хамтран зохион байгуулж байгаа юм.
Түүнээс гадна манай яам төсвийн урамшууллын систем www.uramshuulal.gov.mn ийн хөгжүүлэлт хийж байна. Энэ системээр урамшууллын хүсэлтийг хүлээн авна. Тухайн худалдан авалт, борлуулалтын и-баримтыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэж байна. Энэ жилээс эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу хүнсний ногоо борлуулсан тонн тутамд 100.000 төгрөг, гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд 80.000 төгрөгийн урамшуулал олгож байна.
-Шинэ төрлийн таримал туршиж нэвтрүүлэх талд ямар ахиц гарч байна вэ?
-Эрдэм шинжилгээний байгууллагууд, тариаланчид, ногоочид шинэ төрлийн таримал нутагшуулж ургуулахаар ажиллаж байгаа. Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдаж 2022 оноос эхлэн хэрэгжиж байна. Энэ хуулийн гол зорилт нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, генетик нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байна. Хуулийн хүрээнд таримал ургамлын шинэ сортууд оруулж ирж, турших ажил үргэлжилж байна. Манай улс нь цаг уурын хувьд хавчигдмал, дулааны улирал богинотой. Хөрсний үржил шим сайн биш, элэгдэл эвдрэл их байгаа зэрэг бэрхшээл бий. Хувийн хэвшлийнхэн цагаан будаа, арвай, овьёс элсэн чихрийн ургамал тариалах, хүлэмжийн нарийн ногоо, жимс, жимсгэнэ, маалинга зэрэг тосны ургамлыг туршиж ургуулахаар шамдаж байгааг дурдах нь зүйтэй.
Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд эрдэм, шинжилгээ судалгааны төслүүд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр шинэ таримлын сортыг турших судлах ажлууд хийгдэж байна. Цаашид үрийн аж ахуйг хөгжүүлэх, эх орны генетик нөөцийг хамгаалах, түүнийг ашиглан шинэ сорт бүтээх ажлуудыг хийх зайлшгүй шаардлага гарч байна.

-Тариалангийн талбайн хөрсний талаар онцлох зүйл юу байна?
-Манай улсын хувьд тариалан эрхлэх боломжтой талбай тун бага нийт нутаг дэвсгэрийн 0.7 хувь хүрэхгүй газар газар тариалан эрхэлж байна. Энэ газрын хөрсний үржил шимийг нүдний цөцгий мэт хамгаалах хэрэгтэй. Манай орны хөрсний шинж чанар нь сийрэг тогтоцтой элэгдэл эвдрэлд орох амархан тул тариалангийн үйлдвэрлэлд хөрс хамгаалах технологийг мөрдөх шаардлагатай. Тариаланчид хөрөнгө оруулалт хийж хөрс хамгаалах технологи нэвтрүүлж байгаа хэдий ч тариалангийн бүс нутагт мал зэрэгцэн оршиж байгаа нь технологийн горимыг алдагдуулж байна. Үүнтэй холбоотой малчид тариаланчдын хоорондын маргаан зөрчил үүсдэг.
Манай салбарын шилдэг судлаач эрдэмтэн өнөө үед бид хөрс, байгаль дэлхийг өвөг дээдсээсээ өвлөж биш үр хүүхдүүдээсээ зээлж ашиглаж байгаа учир түүний унаган төрхийг нь алдагдуулж доройтуулахгүйгээр дамжуулж байх түүхэн үүрэгтэйг онцолсон байдаг. Энэ багахан хэмжээний тариалангийн газрын хөрсийг оролцогч бүх тал малчид, тариаланчид, төр хувийн хэвшлийн хүрээнд хамгаалах шаардлагатай юм.

Холбоотой мэдээ